Баянхонгор: Алтан цомын барилдааныг IV сард зохион байгуулна
“Хонгор нутаг” бөхийн дэвжээ, Баянхонгор аймгийн Үндэсний бөхийн холбоо, Монгол Улсын арслан П.Аюушийн нэрэмжит Биeийн тамир спортын газар хамтран зохион байгуулдаг “Найзууд” алтан цомын тэмцээн ирэх дөрөвдүгээр сарын 5, 6-ны өдөр болно.
Өсвөрийн үндэсний бөхийн халз барилдаан сум, сургуулийн баг бүрэлдэхүүнд нээлттэй бөгөөд 9-15 насны долоон тамирчин баг болон тойргийн журмаар барилддаг онцлогтой.
Хүүхэд багачуудад биe бялдрын өв тэгш хүмүүжил олгох, үндэсний бөхийн өв уламжлалаа бататган хөгжүүлэх, Хонгор нутгийн ирээдүйн хүчтэнүүдийг бэлтгэх зорилготой тус тэмцээнийг 2023 оноос эхлэн жилд хоёр удаа зохион байгуулж байна. Орон нутагт хамгийн өргөн бүрэлдэхүүнтэй, өндөр шагналтай тэмцээнийг ийнхүү дөрөв дэх удаагаа зохион байгуулна.
Томоохон шагналын сантай барилдааныг тогтмолжуулснаар хүүхдүүдэд барилдах сонирхол төрж, бэлтгэл сургуулийн идэвх оролцоо, бөхчүүдийн ур чадвар дээшилж байгааг зохион байгуулагчид онцолж байна. Тус тэмцээнийг санаачилсан Баянхонгор аймгийн “Хонгор нутаг” бөхийн дэвжээний тэргүүнээр Монгол Улсын Өсөх идэр, Улам нэмэх начин Б.Эрдэнэхүү ажиллаж байгаа аж.