Баянхонгор аймгийн тухай товч…
Монгол Улсын нутаг дэвсгэрийн 7.8 хувийг эзэлдэг томоохон аймгуудын нэг Баянхонгор аймаг. Тус аймаг 1941 онд үүсгэн байгуулагдсан 20 сумтай бөгөөд нийт 95 мянга орчим хүн амтай. Баянхонгор аймгийн нутаг дэвсгэр нь монгол орны алтай, Хангай, говь, тал бүхий газарзүйн дөрвөн муж, байгалийн гурав, цаг агаарын хоёр бүсийг хамардгаараа онцлог.
Тус аймаг нь Өвөрхангай, Өмнөговь, Говь-Алтай, Завхан, Архангай аймгуудтай нутаг залган оршдог бөгөөд Улаанбаатар хотоос 630 км зайд оршдог. Нийт 116 мянган км газар нутагтай тус аймаг байгалийн гайхамшиг олонтой.
Аймгийн засаг дарга Д.МӨНХСАЙХАН
Баянхонгор аймгийн ИТХ-ын 9 дэх удаагийн сонгуулийн анхдугаар хуралдаанаар аймгийн Засаг даргаар Д.Мөнхсайханыг ажиллуулахаар сонгосон. Тэрбээр, аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр гурав дахь удаагаа сонгогдсон. Мөн 2020-2024 онд аймгийн Засаг даргаар ажилласан бөгөөд 2024 онд аймгийн ИТХ-ын 100 хувийн саналаар түүнийг улираан томилжээ.
Түүний хувьд 1999 онд МУТИС-ийн КТМС-ийг бизнесийн удирдлага, 2002 онд Удирдлагын академийг төрийн удирдлага мэргэжлээр тус тус төгссөн.
2025 онд Баянхонгор аймаг “Шинэ суурьшлын бүс”-ийн бүтээн байгуулалтыг шат дараатай хэрэгжүүлнэ.
Төвлөрлийг сааруулах, Баянхонгор сумыг тэлэх зорилгоор орчин үеийн дэвшилтэт технологи, дэд бүтцийн оновчтой шийдэл бүхий “Шинэ суурьшлын бүс”-ийн ажлыг Баянхонгор аймаг 2020 оноос эхлүүлэн бүтээн байгуулалтыг шат дараатай хийж байна.
Тухайн бүсэд өнөөдрийн байдлаар эрчим хүч, шугам сүлжээний дэд бүтцийг нэвтрүүлэн, гэр бүлийн хэрэгцээнд 700 гаруй өрх газар эзэмшиж, сургуульд 634, цэцэрлэгт 362 хүүхэд суралцаж, дотуур байранд 105 хүүхэд амьдарч, 100 айлын орон сууц ашиглалтад оржээ.
Мөн үйлдвэрлэл технологийн шинэ арга ажиллагааг нэвтрүүлэн 1000 тоннын мах ногооны зоорь, ингэний сүүний үйлдвэр, өвлийн 3 хүлэмж, ногоон байгууламжийн тариалалт явуулан хүний сурах, амьдрах, ажиллах орчныг цогцоор нь бүрдүүлсэн байна. Шинэ суурьшлын бүсийг автозамтай холбох ажлыг улсын төсвийн 7.9 тэрбумын төсөвт өртгөөр 2022 оноос эхлүүлснээр 2024 онд дуусч, 10 км автозамын гүйцэтгэл дээр улсын комисс ажиллажээ. Түүнээс гадна улсын төсвийн 27 тэрбум төгрөгийн өртгөөр инженерийн шугам сүлжээний өргөтгөл хийхээр болж, үүнээс дулаан цэврийн 3.2 км, бохирын 2.3 км инженерийн шугам сүлжээний ажил 2024 онд хийгдэж дууссан байна.
Соёлыг өвийг түгээн дэлгэрүүлэгч бүтээлч Баянхонгорчууд:
Баянхонгор аймаг Төрийн тахилгат Их Богд уул, Зээрэнгийн хөндий, Номингийн говиос гадна, Байдраг, Түй зэрэг томоохон голтой Бөөнцагаан, Орог нуур, Хөх нуур зэрэг том нууруудтай. Мөн дэлхийн 13 гайхамшгийн нэг 45-95 хэмийн халуун Шаргалжуутаас гадна 800 мянган жилийн өмнө хүн амьдарч байсан Баянлигийн цагаан агуй тус аймагт бий. Тиймдээ ч аялагч, жуулчид жил бүр олноор зорин очдог.
Аялагчдын хүрээ тэлэхийн хэрээр Баянхонгор аймгийнхан соёлыг өвийг түгээн дэлгэрүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа. Мөн энэ хүрээнд үндэсний үйлдвэрлэл, өрхийн бизнесийг ихэд дэмждэг бүтээлч аймаг хэмээн тодотгодог билээ.
Тиймээс гадаадынхан төдийгүй дотоодын иргэд Баянхонгорыг зорьж очих дуртай байдаг байна.
Цаашид тус аймаг хөгжлөө хэрхэн тодорхойлж байна вэ?
2025 онд Баянхогор аймаг хүний хөгжлийн бодлого, Эдийн засгийн бодлого, Засаглалын бодлого, Ногоон хөгжлийн бодлого, Нийслэл ба бүс орон нутгийн хөгжлийн бодлого, Амар тайван аюулгүй амьдралыг бий болгох зэрэг зорилтуудыг тавьсан бөгөөд мөн ногоон аймаг болохоор зорьж байна.