Архангай: Цагаан сүмийн халуун рашаан хөрсний устай холилддоггүй гэв
Архангай аймагт хүний биед сайн амралт-сувиллын халуун, хүйтэн олон рашаан бий. Хотонт сумын төв дундуур урсан өнгөрөх Жарантайн голыг өгсөн 40-өөд км яваад үзэсгэлэнт сайхан, уужуу тавиун хөндийд намаг, зүлэг, дов болсон сайраас 5-6 булаг оргилон урсаж, Цагаан сүмийн голд нийлдэг. Үүнийг Цагаан сүмийн рашаан гэх бөгөөд 69 хэм орчим халуун гүний ус тул хөрсний устай холилддоггүй. Далайн мандлаас дээш 1840 метр өргөгдсөн байдаг.
Рашааныг дээр үеэс эмнэлэг сувилалд ашиглаж байсан баримт олон байдаг. Цагаан сүмийн рашааны дэргэд голын хойд энгэр дэнжид 4 км орчим зайтай газарт эртний том хот балгасын туурь бий. Мөн рашаанаас дээш 25 км орчимд Цагаан сүм гэдэг эртний балгасын ул мөр бас бий. Энд Хархорин хотыг нийслэл байх үед хаадын зуслан буюу цагаан орд гэж байжээ.
Энэ рашаан эртний Уйгарын их хот Орхоны хар балгас, Монголын нийслэл Хархорин зэрэг соёлт орны төвтэй ойр, хүн ам олонтой газар байсан учир эртнээс маш ихээр ашиглаж байжээ.
Тус рашаан нь Архангай аймгийн Хотонт сумын төвөөс 65км-т оршдог ба 0,46г/л эрдэсжилтэй, гидрокорбанат-натрийн найрлагатай, 69 градусын халуунтай, РН 8.85, ЕН-10мв, цахиурын хүчил, фтортой, азотын халуун рашаан юм. Энэ рашаан нь үе мөч, мэдрэлийн өвчнийг анагаахад ач тустай.