Ховд: Говийн их дархан цаазат газрын хамгаалалтын барилгыг Алтай суманд барина
Биологийн олон янз байдлыг хамгаалах уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төслийн явцын үнэлгээний баг Ховд аймагт ажиллаж байна. Тус ажлын багийг тусгай хамгаалалттай газар нутгийн бодлогын хэрэгжилтийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Батцогт ахалж байгаа. Тэгвэл өнөөдөр /2025.03.18/ Ховд аймгийн удирдлага, байгаль орчны салбарынхан болон төсөл хэрэгжүүлэгчид уулзаж, орон нутагт хэрэгжсэн зарим онцлох ажил, цаашдын хамтын ажиллагааны талаар мэдээлэл солилцлоо.
Биологийн олон янз байдлыг хамгаалах уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төсөл нь 2020-2027 онд хэрэгжиж байгаа. Өнгөрсөн хугацаанд Ховд аймгийн байгаль орчны салбарын найман байгууллага, орчны бүсийн сумдад 4.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийжээ.
Цаашид 2025-2026 онд мөн томоохон хөрөнгө оруулалтын ажлууд хэрэгжүүлнэ. Тухайлбал, Говийн их дархан цаазат газрын Б хэсгийн хамгаалалтын захиргааны барилгыг Ховд аймгийн Алтай суманд барихаар төлөвлөсөн байна. Цөлийн бүсийн эмзэг экосистемийг унаган төрхөөр нь, нэн ховордсон амьтан, ургамлыг амьдрах орчинтой нь хамгаалахын зэрэгцээ түүх, соёлын өвийг хамгаалах, танин мэдэх, зохистой ашиглах, улмаар бүс нутгийн тогтвортой хөгжлийг хангах үүднээс Говийн их дархан цаазат газрыг 1976 онд тусгай хамгаалалтад авсан юм.