Баянхонгор: Гамшгаас урьдчилан сэргийлэх сургалтад удирдах албаныхан хамрагдав
“Гамшгийн эрсдэлийн менежмент ба хариу арга хэмжээний төлөвлөлт, бэлэн байдал” сэдэвт сургалтыг сумдын Иргэдийн хурлын дарга, Засаг дарга, Засаг даргын орлогч зэрэг 60 гаруй удирдах албан тушаалтныг хамруулан зохион байгуулав.
Сургалтыг нээж хэлсэн үгэндээ аймгийн ИТХ-ын дарга, Гамшгийн эрсдэлийг бууруулах зөвлөлийн дарга Э.Энхбат, олон улс, бүс нутгийн хэмжээнд гамшиг, аюулт үзэгдэл, ослын тохиолдол, давтамж, эрчим жил тутам нэмэгдсээр байгаа нь гамшиг ослын ямар ч үед байнгын бэлтгэл, бэлэн байдлыг шаардахын зэрэгцээ учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зөв менежмент, зөв төлөвлөлт, зөв тогтолцоо, сайн засаглал, сахилга хариуцлагыг мөн давхар шаардаж сануулсаар байгааг онцоллоо.
Аймгийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тус аймагт “Гамшгийн эрсдэлийн менежментийг сайжруулах” ажлыг тусгасан байна.
Энэ хүрээнд тус сургалтаар гамшгийн эрсдэлийн менежмент, гамшиг осол, гал түймрийн нөхцөл байдал, шалтгаан, гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээ тойм судалгаа боловсруулах арга зүй, гамшгаас хамгаалах төлөвлөгөө боловсруулах журам, заавар, арга зүй, гамшгаас хамгаалах бэлтгэл бэлэн байдал, гамшгийн үеийн холбоо зохион байгуулалтын бэлэн байдлын талаар мэдээлэл өгөв.